2016-11-22
Ухаан алдсан үед үзүүлэх анхны тусламж
first aid

Ухаан алдсан үед үзүүлэх анхны тусламж

Хэрвээ та анхны тусламжийг эмч, эмнэлгийн ажилтан л хийдэг гэж бодож байгаа бол эндүүрсэн байна. Ард иргэд та бүхэн эмч, эмнэлгийн ажилтан ирэхээс өмнө өвчтөнд анхны тусламжийг үзүүлж өвчтөний амь нас, цаашдын эрүүл мэндийн байдлыг сайн хэвээр хадгалж үлдэхэд үнэтэй хувь нэмэр оруулах ёстой хүмүүс билээ.

Ухаан алдалтын үеийн анхны тусламжийн талаар ярихаас өмнө ухаан алдалт яагаад үүсдэг, ямар шинж тэмдэг илэрдэг талаар товч авч үзье.

Ухаан алдах: Хүн гадны ямар нэгэн цочруулд хариу үзүүлэхгүй болохыг ухаан алдах гэнэ. Мөн ухаан алдахгүйгээр гэнэт баримжаагаа алдах, зүг чигээ мэдэхээ болих, хөших зэрэг ч ухаан балартлын хэлбэрт тооцогддог.

Энэ нь бараг бүх өвчин, гэмтлийн үед үүсэж болох бөгөөд мансууруулах бодис, архины нөлөөний улмаас мөн үүсэж болно. Богино хугацаанд түр ухаан балартах нь биед шингэн дутагдах, цусан дахь глюкозын хэмжээ багасах, түр зуур цусны даралт буурах зэргээс болж үүсдэг. Түүнчлэн зүрх судасны, мэдрэлийн хүнд эмгэгүүдийн үед ухаан алдаж болох тул ухаан алдсан өвчтөнүүд сэргэснийхээ дараа эмчид үзүүлж, шаардлагатай шинжилгээнүүдийг хийлгэх хэрэгтэй. Хүчтэй ханиалгах, хурдан ойр ойрхон амьсгалах зэргээс ч хүн муужирч унах аюултай байдаг.

Шинж тэмдэг: Ухаан балартсанаар өвчтөн юм хүрэх, дуу чимээ, бусад гадны цочруулд ямар нэгэн хариу үйлдэл үзүүлдэггүй.

Ухаан алдсаны дараа өвчтөнд дараах шинжүүд илэрч болно:

  • Ухаан алдсанаас өмнөх, тэр үеийн эсвэл хойших үйл явдлыг санахгүй байх
  • Самгардах, баримжаагаа алдах
  • Толгой өвдөх
  • Ярьж чадахгүй юмуу биеийн аль нэг хэсгийг хөдөлгөж чадахгүй байх (Харвалтын шинж тэмдэг)
  • Толгой эргэх
  • Шээс, өтгөнөө барьж чадахгүй болох
  • Зүрхний цохилт түргэсэх
  • Хөших

Хэрвээ амьсгал боогдсоноос болж ухаан алдсан бол:

  • Ярьж чадахгүй
  • Амьсгалахад төвөгтэй
  • Амьсгалахад шуугиантай
  • Сул ханиалгасан
  • Арьс хөхөрсөн байна.

Унтаж байх болон ухаан алдах 2 нь хоорондоо ялгаатай ба унтаж байгаа хүн чанга дуу чимээнд, зөөлөн сэгсрэхэд хариу үзүүлэх бол ухаангүй болсон хүн тэгэхгүй.

ИЙМ ҮЕД ЯМАР ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ВЭ?

Сэрүүн байгаа мөртлөө ердийнхөөсөө илүү нойрмог, сэргэг биш санагдаж байвал дараах хэдэн асуултуудыг асуугаад үзээрэй.

  • Нэрийг чинь хэн гэдэг вэ?
  • Өнөөдөр хэдэн сарын хэдэн бэ?
  • Чи хэдэн настай вэ?

Эдгээр асуултад хариулж чадахгүй юм уу буруу хариулж байгаа бол оюун ухааны байдал алдагдсаныг илтгэнэ.

Хэрвээ ухаан алдсан эсвэл оюун ухааны байдал алдагдсан хүн таны дэргэд байвал дараах тусламжийг үзүүлээрэй.

  1. 103 руу залга.
  2. Өвчтөний агаар дамжуулах зам, амьсгалж байгаа эсэх, судасны лугшилт хэвийн эсэхийг ойр ойрхон шалга.
  3. Хэрвээ өвчтөн амьсгалж байвал нуруугаар нь хэвтүүлнэ. Нугасны гэмтэл байхгүй гэж бодож байвал өвчтөнийг өөр лүү гээ эргүүлэн харуулж, өвдөг түнхний үеэр нугална. Толгойг хажуу тийшээ налуулан амьсгалын замыг чөлөөлнө. Энэ үед амьсгал, пульс зогсвол буцаагаад нуруугаар нь харуулан CPR-ийг хийж эхэл.
  4. Хэрвээ нугас нь гэмтсэн байж болзошгүй гэж бодож байгаа бол өвчтөнийг хаана байгаа тэндээс нь хөдөлгөх хэрэггүй. (амьсгал хэвийн байгаа бол) Өвчтөн бөөлжих юм бол бүх биеэр нь хажуу тал руу нь 1 удаа эргүүлэн харуул. Эргүүлж байх явцдаа хүзүү, нуруу, толгойг нэг байрлалд байлгахад тусал. (Биеийн байрлалыг нь хадгалан тэр чигт нь эргүүлэхийг хичээ.)
  5. Эмнэлгийн тусламж иртэл өвчтөнийг дулаан байлга.
  6. Хэрвээ өвчтөн муужирч байх шиг санагдвал унахаас сэргийлэхийг хичээгээрэй. Өвчтөнийг шалан дээр хэвтүүлэн хөлийг дээш нь нугалж байрлуулна.
  7. Өвчтөн цусан дахь глюкоз буурснаас болоод ухаан алдсан байх магадлалтай бол сэргэнгүүт нь чихэрлэг идэж, уух юм өгнө.

Хэрвээ амьсгал боогдсоноос болоод ухаан алдсан бол:

–       CPR хий. Цээжин дээр дарснаар тээглэсэн биетийг гаргахад тусалж болох юм.

–       Агаар дамжуулах замд юм тээглэчихсэн байгаа нь харагдах юм бол гаргах гэж хичээ. Харин объект хоолой дээр нь тээглэчихсэн байвал авах гэж БИТГИЙ хичээгээрэй. Энэ нь улам цаашаа оруулах эрсдэлтэй.

–       CPR-ийг эмнэлгийн тусламж ирж, объект гартал үргэлжлүүлэн хий.

ХИЙЖ БОЛОХГҮЙ ЗҮЙЛС:

  • Ухаангүй байгаа хүнд хоол, уух юм өгөх гэсний хэрэггүй.
  • Өвчтөнийг ганцааранг нь үлдээж болохгүй.
  • Ухаангүй байгаа хүний толгой доор дэр тавьж болохгүй.
  • Ухаангүй өвчтөний нүүр лүү алгадаж, ус цацаж болохгүй.

Урьдчилан сэргийлэлт

Ухаан алдах, муужирч унахаас өөрийгөө хэрхэн сэргийлэх вэ?

  • Цусан дахь глюкозын хэмжээ багасахаас сэргийлж, ойр ойрхон бага багаар юм идэх
  • Ялангуяа та ухаан алдаж, муужирч унадаг бол 1 газар удаан хугацаагаар хөдлөхгүй зогсохгүй байх
  • Халуун өдөр шингэн юм сайн уух
  • Хэрвээ танд ухаан алдах гэж байгаа юм шиг санагдвал толгойгоо урагш бөхийлгөн суух юм уу хэвтээрэй.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax